Press "Enter" to skip to content

Төслийн нээлтийн үйл ажиллагаа болов

0

Монгол Улсын Засгийн газар “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн гэрээ байгуулсан билээ. Уг төслийн санхүүжилт болох гурван сая америк долларыг Япон улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы Сангаар дамжуулан гаргаж байгаа юм.

Энэхүү төслийн хэрэгжүүлэгч байгууллага нь МУ-ын Онцгой байдлын ерөнхий газар бөгөөд тус төслөөр Дорнод,Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын 12 суманд зуд болон ой, хээрийн түймрийн гамшгийн эрсдэлээс хамгаалах олон нийтийн чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Сүүлийн арваад жилд, зуд болон ой хээрийн түймэр нь Монгол Улсад зонхилон тохиолддог хамгийн их хор хохиролтой байгалийн гамшиг болсон бөгөөд хөдөөгийн хүн амын ихэнх хэсэгт нь эдгээр гамшиг нөлөөлж байна.  2009-2010 онд тохиолдсон зуднаар Монгол Улсын малын тоо толгойн 25 хувь нь хорогдож, 97,000 малчин өрхийн амьжиргаа шууд байдлаар доройтсон. 2015 оны 11дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарын хооронд үргэлжилсэн байгалийн аюулт үзэгдлийн үед Монгол Улсын газар нутгийн 90 хувьд нь цасан бүрхүүл тогтож, агаарын хэм -50 хэм хүрч хүйтэрсэн. Энэ нь 2015 оны зуны ган гачгийн дараах хүнд нэрмээс болж, малын бэлчээр болон малчдын амьжиргааг улам их доройтуулсан байдаг.

Тус төслийн нээлтийн семинарын үйл ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Жаргалант” давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Дэклан Магги болон төсөл хэрэгжих 4 аймгийн ОБГ-ын дарга, 12 сумын Засаг дарга, сумын төслийн зохицуулагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд нийт 80 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр төсөл хэрэгжих 12 сумын төслийн зохицуулагч нарт компьютер, тавилга, тоног төхөөрөмж, интернет модем болон “Yamaha” мотоциклыг гардуулан өглөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн